Site menu |
|
|
eqweqweqNew block |
|
|
Chat |
|
|
Our poll |
|
|
|
| | |
|
Main » 2011 » 12-р сар » 29 » Шинэ жилийн үдэш /өгүүллэг/
5:33 PM Шинэ жилийн үдэш /өгүүллэг/ |
Энэ бүхэн ингээд л дуусдаг байж, ямар ч баяр хөөр, хайр халамж хүртэх эрхгүй би гэдэг хүн одоо хаачих билээ” хэмээн Төгсөө цас чийхруулан уцаартайхан алхана. Одоо түүнд зорих зорилго, явах газар үгүй болсон мэт санагдаж, эцсийн найдвар ийнхүү тасраад байхад хүртэл шинэ жил гээд л баяр хөөртэй хүмүүс инээд цацруулан хажуугаар зөрөлдөх нь гомдмоор ч юм шиг. Гартаа бас баглаа цэцэг, бялуу барьчихаад одоо хэндээ ч өгөх билээ гэж бодмогц сэтгэлдотор нь бүр ч хоосон оргиод явчихав.
Тэгж явтал баярлаж хөөрсөндөө суух ч завгүй зөрөлдөх хүмүүс дундаас гагцхүү Төгсөө л цасанд дарагдаж гунигтай харагдах нэгэн модон сандал дээр очиж, бээлийгээрээ арчих аядаад лагхийн суулаа. Бор торхон амьдралдаа сэтгэл гундаж байгаагүйн цорын ганц шалтгаан бол хайртай түүнийхээ төлөө л амьдарч байсанд билээ. Гэтэл он гарахад хэдхэн мөч үлдээд байхад ингээд ганцаар сууж байна гэдэг юутай бэрх вэ. “-Надад заяасан аз жаргал гэдэг ердөө гуравхан сарын хугацаатай байсан гэж үү? Би түүний төлөө эцэг эхийхээ үгийг ч тоолгүй зүтгэсэн шүү дээ” хэмээн гуниглав.
Өнөөдөр Тогосоог л баярлуулах гэж сүүлчийн ууттай чихрээ зарж дуусчихаад хайртай түүндээ бялуу авах санаатай шил толь болсон дэлгүүрийн хамаг л өнгөтэй өөдтэйг голж шилэн явж байтал танил гэхэд дэндүү танил гэмээр инээд ард нь цангинах нь тэр. Төгсөө эхэндээ хөмсөг зангидан бодолхийлсэнээ: “-Үгүй би буруу сонссон байлгүй дээ, миний Тогосоо одоо намайг хүлээгээд л сууж байгаа, надтай хамт он гаргана гэсэн, гэртээ хүлээж байгаа даа” гэх эргэлзэшгүй итгэл түүнийг эргэж харахыг зөвшөөрсөнгүй. Өнгө үзэмжийг нь сонгон байж, зөвхөн түүнд л таалагдах бялууг худалдаж аваад дахин чангаар инээх дуунаар тэсэлгүй эргэж хараад нүдэндээ ч итгэсэнгүй.
Үнэхээр бүхнээс хайртай Тогосоо нь түүний найз Чинбаатай хамт инээлдэн явж байх нь тэр. Төгсөө хэсэг зуур яах учраа мэдэхгүй зогстол тэд хамтдаа тор дүүрэн юм аваад хээв нэг инээлдсээр гарч одов. “-Одоо би яах вэ, тэр минь Чинбаатай, тэгээд ийм аз жаргалтай инээмсэглэж явна гэж үү?” Төгсөө тэндээ хэсэг зогссоноо гэнэт хардах сэтгэлээс нь төрөх бүтэлгүй бодлууд ар араасаа цуварч, тэднийг дагах тухай бараан үүл мэт санаа зурсхийн орж ирэв. Чингээд тэвэрсэн цэцгээ, гартаа барьсан бялуугаа тас атган тэдний араас гарлаа. Тэд явсаар Чинбаагийн машинд суух нь тэр. Төгсөөгийн дотроос бухимдлын уур манан улам савсан дэвэрч, зүрх нь түргэн түргэн цохилохын хэрээр гар нь өөрийн мэдэлгүй салганан, юун түрүүнд такси зогсоож араас нь мөшгив. Харин тэр хоёр явсаар Чинбаагийн гэр лүү орчихдог байна шүү. Төгсөө ч тэдний байрны гадаа зогсож, таксины цонхоор нүдээ гялалзуулан харна.
Хэдэн минут өнгөрөхөд: “- Өө, за за. Та хоёрыг хэр удахыг харъя байз, яана гэнэ ээ?” гэж өөрийн эрхгүй хэлчихэв. Жолооч гайхан харсанаа Төгсөөтэй харц тулгармагц: “-Энд хэр удах вэ?” гэвэл “-Хичнээн ч удсан хамаагүй төлбөрийг нь төлөмз” гээд дээш өлийж гурван давхарын цонх руу ширтэв. “-Чинбаа, чи ийм найз байсан бии вий, одоо л та хоёрыг барьж авах минь” гэж бодоод буухаар завдтал тэд гарч ирлээ. Мөн л инээлдсээр Чинбаагийн гялалзсан мөнгөлөг машинд сууцгаав. Бухимдсандаа гар утсаа эрэн мунгинаж, халааснаасаа гаргаж ирээд Тогосоо руу залгахдаа дугаар андууран залгаснаа анзаарсангүй, Чих тавин сонстол: “-Таны залгасан дугаар” холбогдох боломжгүй байна. Та дараа...” гэх нь тэр. Бүр цухалдаж ядсандаа гар утсаа тасхийтэл хаахдаа санамсаргүй унтрааж орхисноо мэдсэнгүй.
“-Өө за, бүр иймдээ тулсан уу? Наад машинаа дагаарай ах аа, алдаж болдоггүй юм шүү” гэж жолоочид тушаав. Харин энэ удаад тэд Тогосоогийн гэрийн гадаа зогслоо. “Удахгүй он гарах гэж байхад энэ одоо яаж байгаа юм болоо? Шийдчихжээ айн?” гэж дотор нь харанхуйлна. Төгсөө орцны үүдэнд хэд дахин очиж, хэд дахин буцсаныг бүү мэд, гэлээ ч яагаад ч юм шууд яваад орох зориг нэг л хүрсэнгүй. Хардаж сэрдсэн харанхуй бодлоос нь эцэс төгсөлгүй буцлах уур бухимдал нь түүнийг хөтөлсөөр Чинбаагийн машины дэргэд авчирчээ. Цонхоор нь харвал зүрхний зурагтай гоёмсог хайрцагтай бэлэг байна. Нүдээ анимагц Чинбаа Тогосоогийн туяхан зөөлөн гарыг атгах төсөөлөл жинхэнэ юм шиг харагдав.
Төгсөө толгойгоо сэгсрэн машины дугуй руу өшиглөхөд Чинбаа бүр Тогосоогийн хүзүүгээр тэвэрч байгаа нь бодит юм шиг харагдав. Тэрээр багтаж ядсан уурандаа хамаг чадлаараа хашгираад хичнээн ч хол гүйснийг бүү мэд. Амьсгаа нь давчдан гүйсээр сая нэг юм зогсоход эргэн тойрноо харвал нэг мэдэхнээ яаж яваад эргээд Тогосоогийн байрны хажууд ирсэнийг бүү мэд. Мухар хардалтаас үүссэн мунхаг бодолдоо хөтлөгдөж, түүндээ бүрмөсөн итгэсэн Төгсөө одоо энэ цасанд дарагдсан сандал дээр гуниглан сууж байгаа нь энэ.
Сүүлчийн найдвараа алдсан хүний гунигтай харцаар тэнгэр ширтэн сандлын түшлэг налжээ хэвттэл гэнэт: “-Хүүе ээ, хайраа. Чи наанаа юу хийж байгаа юм бэ?” гэхэд цочих шахан харвал Тогосоо гайхсан алаг нүдээрээ дүрлийтэл ширтэж зогсоно. Хажууд нь Чинбаа: “-Найз минь, удахгүй он гарах гээд байдаг, утас чинь ч холбогдохгүй, чи чинь юу хийж байгаа юм бэ?” гэвэл Төгсөө бухимдаж эргэлдсэн нүдээ эргэлдүүлэн: “-Аан, тийм үү та хоёр?” гээд хөмхий зуун бослоо. Бүр гайхаж хоцорсон Чинбаа руу очоод: “-Мэдэхгүй гэж бодоо юу? Та хоёр хаачих гэж байгаад надтай тааралдав айн?” гээд Тогосоо руу хандан: “-Утсаа унтраачихаад чи найзтай минь явна гэнэ ээ? Энийгээ надад эртхэн хэлсэн бол дээр байсан юм, мэдэв үү? Одоо би та хоёрт саад болохгүй за!” гэж шийдэмгий хэлчихээд явахаар завдан эргэж хартал: “-Чинбаа, оргилуун дарсаа аваад ирлээ. Хэдүүлээ шинэ оноо гадаа угтах нь бололтой” гэсээр нэгэн бүсгүй инээмсэглэсээр яаран ирэх ирэх нь тэр.
Гайхсан Төгсөө эргэж хартал Чинбаа: “-Би найз бүсгүйтэй болсоон, Болормаа гэдэг юм. Бид хэд чамайг хүлээгээд бүр сүүлдээ ирэхгүй болохоор нь гарч ирж байгаа нь энэ” гэв. Төгсөө ичсэндээ яах учраа олж ядан зогстол Болороо: “-Хүүе ээ, найзууд аа, он гарлаа. Алив хундагаа бариарай” гэв. Чинбаа түүний гараас оргилуун дарсаа авч задлахад мөнгөн цас одод мэт гялбан хаялах тэнгэрт мянга мянган гэрэл цацарч хүн бүрийн сэтгэл баяр хөөрөөр бялхан, дурлалт хосуудын харцанд хайрын оч аз жаргалын өнгөөр туяаран гийлээ.
|
Category: Бусад |
Views: 865 |
Added by: ImmoRtAl
| Rating: 1.3/15 |
|
|
| | |
|
Шилдэг гишүүд |
| | ojig_zol Мэдээ: 0 Хүйс: эмэгтэй Сэтгэгдэл:1 |
|
|
Статистиk |
|
|
Сүүлийн сэтгэгдэл |
|
|
|