Заримдаа өөрийгөө хаана амьдраад байна даа гэж бодох юм. Энэ бодол надаас өөр олон хүнд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Аливаа орны оршин тогтнох үндэс суурь нь хууль байдаг. Тэрхүү хууль нь ард иргэдийн эрхийг хамгаалж, гэм хийсэн нэгэнд хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох учиртай. Харин манай улсын төрд өөрийн эрх ашигт тааруулж хууль баталдаг тогтолцоо аль хэдийн бий болж, ихэнхи хууль нь иргэдийн дээгүүр нисэж, биднийг тойрон эргэлдсээр байх юм.
Өнгөрсөн оны 8 дугаар сард Таван Толгой ХК-ийн усан оргилуурт хоёр хүүхэд амиа алдсан хэрэг гарчээ. Энэ хэргийн өмгөөлөгч, Хүний эрхийн хуульч М.Ичинноров хэвлэлийн бага хурал хийв. Хэрэг гарсан өдөр компанийн жижүүр усан оргилуурын ус тогтой байгааг диспетчерт мэдээлсэн хэдий ч аюулаас зайлуулах арга хэмжээг хэн ч аваагүй аж. Ах, дүү болох 10 настай хүү А.Зоригтбаатар, 3 настай хүү Г.Золбаяр нарын эцэг, эх А.Алтанчимэг, Э.Ганчулуун нар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хуульчдад ханджээ.
Хэргийн шалгалтын явцад уг байгууламжийг суурилуулахдаа барилга байгууламж болон цахилгаан холболтын схем зураггүйгээр ажил үүргийг хийж гүйцэтгэсэн, цахилгаан гэрэлтүүлэг, цахилгааны лейнт, цахилгааны утас, шахах насос зэрэг нь гарал үүслийн гэрчилгээ байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, "Таван Толгой” ХК нь ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зориулалтаар байгуулсан "Усан байгууламж”-ийн цахилгаан тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглахдаа Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль, дүрэм журам, аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчсөн гэх дүгнэлтийг гаргажээ. Гэтэл дээрх хэргийг шалгахдаа 10 настай, 3 настай хоёр хүүг амиа хорлосон гэж бүртгээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Эхийн ариун хэвлийгээс энэ дэлхийд мэндлээд ид сахилгагүйтэж, эрх танхиараа байж, элдвийг сониучлах бяцхан хүүг амиа хорлосон гэж аймшиггүйгээр хэн хэлж зүрхлэв ээ. Арав, гурван настай хүүхэд амиа хорлох хэмжээний сэтгэлгээтэй болчихсон юм бол өдий 40-50 насандаа айхтар ихийг бүтээж, олныг алмайруулахаа яасан юм бол тэгэж хэлдэг хүмүүс. Таван Толгой, Оюу Толгой гэхээр өөдөөс нь нэг ч үг дуугарч чадахаа байсан, тэдний мөнгөнд амаа таглуулсан бүх хүнийг гэсгээмээр санагдана.
Эмгэнэлтэй хэрнээ үзэн ядмаар хэрэг үүгээр дууссангүй.
Багш нарын зөвлөгөөн, хурал нэрээр хүүхдүүдийг олон цагаар орой үдэш хүртэл суулгадгийн "ач гавъяагаар” ид сайхан насандаа алтан амиа хорлуулсан аймшигт хэрэг гарав. 2011.12.07-ний орой БЗД-ийн 92 дугаар сургуулийн 11г ангийн сурагч Б.Отгонгэрэл нь оройн 18.00 цагийн үед 19.00 цагт багш нарын зөвлөгөөний хуралтай гэж хэлэн гэрээсээ гараад алга болсон байна. Тус сургуульд төгсөх 11-р ангийн дөрвөн бүлгийн 100 гаруй сурагчид суралцдаг аж. Гэтэл энэ хурал нь оройн 22.40 минутын орчимд дуусчээ. Эгч нь дүү рүүгээ залгаад ирж байна уу? гэхэд хүү "одоо очиж байна” гэж эгчтэйгээ ярьснаас хойш холбоо бариагүй байна. Хүлээгээд ирэхгүй болохоор нь гэрийнхэн нь ангийн багш руу нь болон хамт явсан хүүхдүүд рүү нь залгажээ. Гэтэл багш нь "Отгонгэрэл шархадны 16-ийн буудал дээр үлдсэн, эндээс суугаад гэртээ харина гэсэн гэж байсан” гэж хэлсэн байна.
Өглөө болтол хүүгээ хүлээсэн гэрийнхэн нь сургууль дээр нь очин уулзаж мөн шуурхай удирдлагын утас 102-руу залгаж "Хүү минь алга болчихлоо эрэн сурвалжлуулах гэсэн юм” гэж хэлэхэд "Дүүргийнхээ хүүхдийн байцаагчтай уулз” гэсэн байна. Аргаа барсан гэрийнхэн нь БЗД-ийн Хүүхдийн байцаагч Б.Золжаргалд ханджээ. Гэтэл байцаагч "Хүүг чинь олноо хаа нэг газар PC тоглоомын газар юм уу? цагийн ажил хийгээд ч юм уу явж байгаа биз. Тэгэж байгаад гэртээ хүрээд ирэх байлгүй, UNITEL дээр очоод хүүгийнхээ дугаарыг хэлээд алга болсон өдрийнх нь холбоо барьсан дугаар, мэссеж бичсэн дугааруудыг нь шүүлгээд ир” гэжээ.
Эхийн сэтгэл шаналсан хэвээр, хүү олдсонгүй. Хүүгийн авга эгч, ээж хоёр нь аргаа бараад цагдаагийн бичиг авахаар эргээд БЗД-ийн хүүхдийн байцаагч руу очиход хэргийг өөр хүн хүлээж авсан гэжээ. н.Отгонбаяр гэдэг байцаагч хэргийг хүлээн авч хавтаст хэргийг хүүг алга болсноос хойш 15 хоногийн дараа буюу 12 сарын 22- нд нээсэн байна. Ингэж хэрэг шийдэгдсэн юмгүй байсаар аль хэдийн он гарч нэгдүгээр сартай золгожээ. Түүний хүү Б.Отгонгэрэлийнх цогцос нэгдүгээр сарын 10-нд буюу хүүг алга болсноос хойш 33 хоногийн дараа Богинын аман дахь Туулын бургаснаас олджээ. Хүүгийн амийг хэн нэгэн этгээд хорлосон байжээ.
Хүүгээ алга боллоо гэж хагас дутуу ухаантай явж байгаа эхийн сэтгэлийг ойлгож чадахгүй ухаан муутай, сэтгэлгүй юм бол тэдгээр цагдаа, ажилтнууд ядаж хийх ёстой ажлаа бүрэн хиймээр юм. Яагаад хэргийг тэр даруй нээж, хүүг эрэн сурвалжилсангүй вэ. Хүүхдийн байцаагч Б.Золжаргал, . н.Отгонбаяр нарын хүүхэд ингэж алга болбол тэд хайхрахгүй байж, бүхэл бүтэн сар тэсээд яваад байж чадах уу. Арилсан дотортой, хүний үнэргүй, сэтгэлгүй, дээр нь ажлаа хийж чаддагүй хүмүүсийг тухайн ажилд байлгаад байх ямар хэрэг байна? Цаана нь ажил хийж чадах ухамсартай, сэтгэлтэй, шижигнэсэн залуус өчнөөн байна. Мөрдөс зүүж төрийн нэрийг гутаасан, хүнийг өрөвдөж хайрлаж мэдэхгүй хүмүүсийг өрөвдөж өмгөөлөх хэрэг юун.
Мөнөөх л аймшигт хэргүүд дууссангүй.
Налайх дүүргийн "Хаан” банкны салбарт сэтгүүлч нэрээр нэвтрэн орж захирлыг нь айлган сүрдүүлж улмаар эхнэрээ / налайх дүүргийн хаан банкны захирал/ хамгаалсан нөхрийг нь буудаж алтан амийг нь егүүтгэсэн хэрэг гарав. Хэргийг эрхэлсэн ажилгүй 26 настай Г.Бат-Ялалт гэгч этгээд үйлдсэн болох нь тогтоогдсон. Харин одоогоор түүнд шүүхээс ямар ял оноосныг хараахан зарлаагүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсэргүүцэж хориглосон цаазын ялны сиймхийгээр тэр этгээд цаазаас мултрах байх. Харин түүнийг насаар нь хорих ялаар шийтгэнэ гэдэгт хүн бүхэн итгэлтэй байна. Бүхэл бүтэн хүн тэр этгээдээс болж амьдралаа дуусгалаа. Бас нэг нь түүнээс болж эрэмдэг боллоо. Насаар нь хорих яланд үүнээс өөр юу хэрэгтэй байв гэж.
Хууль нь гууль болчихсон, иргэд нь хөөрхийлөлтөй болчихсон Монголын өнөөгийн нийгэмд хэн биднийг өмгөөлөх вэ.
Арав, гурван настай хүүхэд амиа хорлодог юм уу гэж Цагдаагийн ерөнхий газрын дарга хошууч генерал Д.Сандаг-Очироос асууя.
Алга болсон хүүгийн ээжийг Юнител рүү дугаар шүүлгэхээр явуулдаг, хүүгийн цогцосыг 33 хоногийг дараа илрүүлдэг тэдгээр ажилчиндаа ямар арга хэмжээ авсан бэ гэж мөн асууя.
Таны өршөөсөн олон хүн дахиад хэрэг хийгээд яваад байгаа гэх мэдээлэл өчнөөн гарсан. Цаазын ялгүй болоод, олон этгээдийг өршөөлөөр сулласны "ач гавъяа”-гаар олон хүн гэмт хэрэг хийгээд байгаа юм биш үү гэж Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асууя.
Харин сэтгүүлчийн нэрийг барьж, хүний амь хохироосон этгээдэд ялыг нь "харамгүй” хайрлаарай гэж шүүхийнхэнд хэлмээр байна.